www.erkhe.narod.ru |


Буриадын тvvх улс тєрийн портал

 
Буриадмонголчуудын нутаг усаа хамгаалах тайлга
Дугаров Дорожо (www.openulanude.ru, 19.03.2006)

Улс тєр

2006 оны 3-р сарын 19-ний өглөө 11 цагт Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын орчим дахь Дээд Онгоцтой буюу оросоор Верхняя березовка хэмээх газар Усть-Ордагийн автономит тойргийг хамгаалах болон 1937 онд хууль бусаар албадан таван хэсэг хуваасан Буриадын нутаг дэвсгэрийг буцаан нэгтгэх арга хэмжээний хүрээнд тайлга хийжээ. Хөх мөнх тэнгэр болон Буриад орны сахиулсыг тайн тахих зан үйлд Буриадын хамгийн баруун захын нутаг болох Усть-Ордагаас зүүн талд нь оршиж буй Ага хүртэлх аймаг нутгийн хүмүүс хүрэлцэн иржээ. Буриадын цэрэг цагдаагийн хүчнийхэн энэхүү үйл явдалд ихээхэн анхаарал хандуулсан нь гайхалтай. Тайлга хийхээс хэдэн өдрийн өмнө энгийн хувцас өмссөн цагдаа нар Улаан-Үд хотын бөө мөргөлийн бүх нийгэмлэгүүдээр “айлчилсанд”, бөө нар ард түмнээ хамгаалах зан үйлд оролцохоос татгалзжээ. Тэр ч бүү хэл Баиров Семён Тулгеевич, Степанова Надежда Ананьевна, Цырендоржиев Баир Жамбалович нар, мөн “Тэнгэри”, “Бөө Мүргэл”, “Лусууд” зэрэг нийгэмлэгүүд нь тайлга хийхийг шууд эсэргүүцсэнээрээ ард түмнийхээ өмнө өөрсдийнхөө нэрийг хугалсан явдал боллоо. Тасарсан мах, үсэрсэн цус нэгт ахан дүүсдээ хор хөнөөл учруулах үйл ажиллагаа явуулдаг хүн жинхэнэ бөө мөн гэж үү?!

<< Буриадмонголчуудын нутаг усыг ивээн тэтгэгч сахиулсад ба Хєх мєнх тэнгэрийг тахих тайлганд Буриадын бvх овог аймгийн тєлєєлєгчид хvрэлцэн ирэв — Хамаганов Евгений.

Тайлга хийхээр төлөвлөсөн газарт цугласан олон ирэхэд “Лусууд”-ынхан хэрүүл шугиан үүсгэж хориглосонд цуглагсад хойт толгой дээр шилжиж тайлгаа хийхэд хүрэв. Тэрхүү толгой нь Усть-Ордагийн автономит тойргийг хамгаалах болон Буриадын нутаг дэвсгэрийг буцаан нэгтгэх тайлга хийсэн толгой хэмээн Буриадын түүхэнд үлднэ гэдэг нь лавтай. Тэгээд ч тус зан үйлд олон тооны цэрэг цагдаагийн хүчнийхэн болон энгийн хувцас өмссөн цагдаа нар хүрэлцэн ирсэн нь эрх буюу 1937 оны эмгэнэлт өдрүүдийг санагдуулж байв.

Тус тайлгыг эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесменүүд, Буриадын залуучуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн, ОХУ-ын “Оборона”, “Молодежное яблоко” зэрэг хөдөлгөөнийхөн, мөн буриад-монголчуудын хувь заяа болон ОХУ дахь ардчилалд санаа зовдог бусад хүмүүс зохион байгуулжээ.

Тэмдэглүүштэй нь тус тайлга ба Буриадын ард түмний үндэсний шинэ (Чингис хааны эцэг Есүхэй баатрын тугтай санаандгүй дүйсэн) тугийг адислах үед цугласан олны дээр тэнгэрт эзэн Чингис хааны бэлэг тэмдэг болох шонхор шувуу эргэлдэж байсан нь Мөнх хөх тэнгэрийн ивээл, ялалтын бэлгэ тэмдэг болов. Тиймээс энэхүү бэлгэ дэмбэрэлтэй тохиол нь Усть-Ордаг хамгаалах болон Буриад улсаа нэгтгэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчээ хамтатгасан ард түмний урам зоригийг улам улам бадруулжээ.

«« гол хуудаhан

© 2005, БТУТП "ДУУ YГЭХЭ ЭРХЭ"
Бvх эрх хамгаалагдсан.
Редакцийн vзэл бодол зохиогчийнхтой дvйх албагvй. Ямар ч материал болон зургийг зєвхєн редакцийн зєвшєєрлєєр ашиглаж болно.
Используются технологии uCoz